Нүүр » Үзлэгт хамрагдъя » Цусны даралт ихдэлтийн тухай ойлголт

Цусны даралт ихдэлтийн тухай ойлголт

3 жил 11 сарын өмнө
16708
+8
-2

Цусны даралт ихдэлтийн тухай ойлголт Артерийн гипертензи буюу цусны даралт ихдэлт нь манай улсад төдийгүй, дэлхий нийтийн насанд хүрэгчдийн дунд хамгийн их түгээмэл тархсан архаг эмгэг юм. Цусны даралт ихдэлтийн эмчилгээ нь өвчтөн, эмч, сувилагч, бусад эрүүл мэндийн мэргэжилтэн зэрэг олон хүнийг нэг баг болж, хүчин чармайлтаа нэгтгэхийг шаардсан, урт удаан хугацаанд үргэлжлэх, тухайн өвчтөний хувьд насан туршийн үйл явц билээ.

 Таны хувьд энэ багийн гишүүн нэгэнт болжээ. Иймд өөрийн эрүүл мэндийн байдлаа мэдэж, амьдралын буруу хэв маягаа нэн даруй өөрчилснөөр, шаардлагатай бол эмчийн зааврын дагуу эм хэрэглэх, цусны даралтаа хянах зэргээр тухайн эмгэгийн улмаас ирээдүйд гарч болзошгүй хүндрэлээс өөрийгөө урьдчилан сэргийлж чадна.

Цусны даралт ихдэлт нь бүрэн эдгэрдэггүй ч түүнийг хянах боломжтой. Хэдийгээр таниас ихээхэн хүчин чармайлт шаардах боловч амьдралын чанар буюу эрүүл мэндийн байдлын тань үзүүлэлт болох юм.


Цусны даралтын тухай

Таны зүрх цохилох тоолонд биеийн эд эрхтэн бүрт цус шахагдана. Цусны эргэлт явагдахын тулд тодорхой хэмжээний даралт буюу хүч шаардагддаг. Цусны даралт гэдэг нь зүрхнээс шахагдан урсаж буй цус артерийн (тараагуур) судасны дотор ханыг дарах хүч юм. Иймээс цусны даралтыг эмнэлгийн мэргэжилтнүүд артерийн даралт хэмээн нэрийддэг. Цусны даралт ихдэх үед зүрхнээс шахагдан цусны эргэлтийн системээр эргэлдэж байгаа цусны урсгалаас судасны хананд өгөх ачаалал нь илүү байдаг.

Цусны даралт ихдэлт гэж юу вэ?

Цусны урсгалаас судасны хананд, өөрөөр хэлбэл артерийн судасны дотор хананд үзүүлж буй даралт ихсэхийг артерийн гипертензи буюу цусны даралт ихдэлт гэнэ. Цусны даралт ихдэлттэй байна гэдэг нь та сэтгэл санааны хэт их хямралтай гэсэн үг биш боловч сэтгэл зовнил, түгшүүр нь цусны даралтыг ихэсгэхэд хүргэдэг. Цусны даралт ихдэхэд нэн даруй илрэх шинж тэмдэг гэж ихэвчлэн байдаггүй. Тиймээс 18-аас дээш насныхан цэрэгт явах, сургуульд элсэх, эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдах, жирэмсний хяналтад орох, жолооны үнэмлэх авах, ажилд орох зэрэг урьдчилан сэргийлэх үзлэгээр цусны даралтын түвшин хэвийн байсан бол 2-5 жил тутамд, 40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа даралтаа заавал хэмжүүлж, хянаж байх шаардлагатай (насанд хүрэгсдийн АГ-ийн Монголын үндэсний удирдамжаас, 2010).

Цусны даралт хэмжилт

Цусны даралт хэмжилт нь даралт ихдэлтийг оношлох, эмчлэхэд нэн тэргүүнд шаарддаг гардан үйлдэл юм. Хэмжилтийг зөв хийх нь тохирсон онош, эмчилгээг эрт, зөв хийх үндэс болдог. Иймд дараахь зүйлийг мөрдлөг болгох хэрэгтэй. Үүнд:

  • Хэмжилт хийхээс 30 минутын өмнө юм идэхгүй, кофейн агуулсан зүйл уухгүй, дасгал хийхгүй байх
  • Бугалгыг чөлөөтэй байлгах богино, эсвэл дээш шуухад хялбар ханцуйтай хувцас өмсөх
  • Даралт үзэхийн өмнө бие засах, аль болох давсаг дүүрэн бус байх
  • Таван минутын турш тайван суусны дараа даралтаа үзэх
  • Анх удаа цусны даралтаа хэмжиж байгаа бол хоёр гараа хэмжин, аль өндөр талыг нь цаашдын хэмжилтэндээ байнга ашиглах
  • Цусны даралтыг хэмжих явцад юм ярихгүй, чимээгүй, хөлөө ачихгүй, шалан дээр хөлийн тавхайгаа бүрэн нааж, тайван суух

Цусны даралтын хэмжилтийг унших нь:

Цусны даралт бүхий л хугацааны туршид нэг түвшинд байдаггүй. Таны бие махбодийн хэрэгцээгээр хэлбэлзэж байдаг. Цусны даралт дээд болон доод хязгаартай байх бөгөөд тэдгээрийг мөнгөн усны баганын (МУБ) миллиметрээр (мм) хэмжиж, “ммМУБ” хэмээн тэмдэглэдэг.

Дээд хязгаар буюу дээд даралтыг зүрх агших үед цуснаас судасны хананд үзүүлж буй даралт (систолийн даралт) гэнэ. Доод хязгаар буюу доод даралтыг зүрх сулран тайван байх үеийн артерийн судасны дотор хананд цуснаас үзүүлж буй даралт (диастолийн даралт) гэнэ.

Хэрэв “АД 120/80 ммМУБ” гэж тэмдэглэсэн байвал:

  • АД - артерийн даралт буюу цусны даралт
  • 120 – дээд буюу систолын даралтын түвшин
  • 80 – доод буюу диастолын даралтын түвшин
  • ммМУБ – миллиметр мөнгөн усны багана гэж тайлж уншина.

Хэрэв таны эмч эхний үзлэгээр хоёроос дээш удаа таны цусны даралтыг хэмжээд “өндөр байна” гэж үзвэл дахин хэд хэдэн удаа давтан үзэхийг хүсэж, үнэхээр “цусны өндөр даралттай байна уу” гэдгийг батлах шаардлага гардаг. Хэдэн удаагийн эмчийн давтан үзлэгт таны даралт 120/80-140/90 ммМУБ байвал эмч 1-2 жилд цусны даралтаа хэмжүүлж байхыг зөвлөнө. Харин 140/90 ммМУБ-аа их байвал “цусны даралт ихдэлт буюу артерийн гипертензи”-тэй гэсэн онош тавьж, эмчилгээгээ таньтай зөвлөлдөхийг хүсэх болно. Таны эмчид цусны даралт ихдэлт гэдэг оношийг баталгаажуулахад хоёр ба түүнээс дээш удаагийн үзлэгийн даралтын түвшин хэрэгтэй байдаг. Хэрэв таны артерийн даралт хэт өндөр, ялангуяа доод даралт буюу диастолын даралт 120-130-иас өндөр байвал нэн яаралтай, хойшлуулшгүй эмчилгээ шаардаж байна гэсэн үг. Энэ үед тун яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Доорхи хүснэгтэд АД-ын түвшингээр ангилсан байдлыг харуулжээ. Систолын даралт 140 ммМУБ-аас, диастолын даралт 90 ммМУБ-аас их байвал цусны даралт ихдэлт буюу артерийн гипертензи үүссэн хэмээн үзнэ.

Цусны даралт ихэдсэнийг хэрхэн мэдэх вэ?

Цорын ганц найдвартай арга бол артерийн даралтаа хэмжих! Гэхдээ гипертензи үүсэх эрсдэл байгааг илтгэх зарим шинж тэмдэг байх бөгөөд ойр ойрхон давтагдаж байгаа бол онцгой анхаарах шаардлагатай. Үүнд:

  • толгой өвдөх, эргэх
  • нүд “эрээлжлэх”
  • нойронд муу болох
  • дотор муухайрах
  • бөөлжих
  • зүрх дэлсэх, өвдөх, амьсгаадах зэрэг болно.


Артерийн гипертензийн эхний шатанд дээрх шинж тэмдгээс илрэхгүй ч байж болохыг анхаарах хэрэгтэй. Иймээс уг өвчний хор уршиг илүү бөгөөд “чимээгүй алуурчин” гэж нэрлэдэг юм. Өвчин үүсэж, даамжрахаас сэргийлж, биеийн байдал хэвийн байсан ч артерийн даралтаа тогтмол хэмжиж байх нь зайлшгүй шаардлагатай.

Артерийн даралт нэгэнт ихэсдэг бол хуанли дээр өдөр бүр даралтаа тэмдэглэж бай. Доорх хүснэгтийг ашиглан артерийн даралтаа тэмдэглэж болно.

 

Бэлтгэсэн: EPOS

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
сувдаа 202.21.120.146 JAPAN
JAPAN
2 сар 4 өдрийн өмнө
би 3 жилийн өмнө төрсөн тэрнээс хойш даралт маань ихсээд байдаг болчлоо яаж хэвийн болгох вэ
Guest
Ээгий 203.194.114.92 MONGOLIA
MONGOLIA
5 сар 7 өдрийн өмнө
Би одоо 19тэй толгой эргээд өвдөөд халуураад яг шинж тэмдгүүд нь илэрсэн тэгээд үзүүлсэн чинь даралт чинь ихэссэн байна гээд эм бичиж өгсөн гэтэл яг эм уусан үедээ гайгүй хэдэн цагийн дараа буцааад л толгой эргээд байхийн би яаах вэ надад зөвлөгөө өгөөч
Guest
зЗулаа 202.55.191.35 MONGOLIA
MONGOLIA
1 жил 6 сарын өмнө
Би 34 настай миний даралт гол төлөв 130, 140 хүрээд байдаг болчихоод бна. Бараг 2жил орчим үргэлжилж бна. Урьд нь жирэмсэн байхад ч даралт хэвийн бдаг бсан. Даралт ихсэхээр нүд улайж нүд аргах , дотор муухайрах юм. Шинжилгээ өгөөд бөөрөө эмчлүүлсэн. Одоо би яах ёстой вэ?
Guest
Anna 95.70.221.53 TURKEY
TURKEY
1 жил 6 сарын өмнө
iim zobolgoo bdag nı ıh sn ym aa medehguı olon zuıliin talaar medej ablaa bayrlalaa ta buhend ajiliin ondor amjılt husıe
Guest
ард түмэн 202.9.40.164 AUSTRALIA
AUSTRALIA
3 жил 1 сарын өмнө
нярай үеээс насан өндөр болтол нүний даралт хэд хэд байдагийг мэдмээр байна
No image
EPOS 183.81.169.10 MONGOLIA
MONGOLIA
3 жил 6 сарын өмнө
Ахимаг насны хүмүүс даралт ихэслээ гэж их ярьдаг. Мөн сүүлийн үед залуус цусны даралт багадах, цус багадалттай гэж байнга ярих болжээ. Цус багадалт, цус төлжүүлэх зэрэгт зэс чухал үүрэгтэй билээ. Энэ нь цусны улаан бөөмийн боловсрох явцыг идэвхжүүлдэг байна. Бидний өвөг дээдэс маань зэс домбонд цайгаа хийж, зэс аягаар цай ууж, гартаа зэс бугуйвч зүүдэг байсан. Энэ нь дан ганц гангараа гоёлоос гадна эрүүл мэндэд чухал ач холбогдолтой байжээ. Ер нь бүх эрхтэн, судас төв мэдрэлтэй холбоотой. Тархины эерэг сөрөг мэдээ¬лэлтэй холбоотойгоор судас огцом агших, тэлэх тохиол¬долд даралт ихсэх, багасах юм гарна. Хоолоо буруу сойсноос болоод цус багадалт үүсч, даралт багасч болно. Ерөөсөө даралт гэдэг цусны урсг¬алаас судсанд үзүүлж байгаа даралтын хэмжээ юм.
Guest
bi 203.91.117.4 MONGOLIA
MONGOLIA
3 жил 7 сарын өмнө
Daralt bagadaltin talaar oruulj uguuch.
Guest
EPOS 203.169.48.36 MONGOLIA
MONGOLIA
3 жил 7 сарын өмнө
-Даралт ихсэлтийг шалтгаанаар нь анхдагч (95 хувь), хоёрдогч (5 хувь) хэмээн ангилдаг. Анхдагч даралт ихсэлт нь тодорхой шалтгаангүй байдаг ба олон төрлийн эрсдэлт хүчин зүйлээс хамаардаг байна. Харин хоёрдогч даралт ихсэлт нь тодорхой шалтгаантай, ямар нэгэн өвчний шинж тэмдэг байдлаар илэрдэг. Тухайлбал, бөөрний өвчний үед даралт ихсэх нь тухайн өвчний нэг үндсэн шинж тэмдэг ажээ.
Guest
Зочин 203.169.48.36 MONGOLIA
MONGOLIA
3 жил 7 сарын өмнө
Даралт ихтэй хүмүүс байнгын дасгал хөдөлгөөн, хангалттай амралт, зөв хооллолтын горимыг мөрдөж байх ёстой. Хүнсэндээ ногоо, жимс түлхүү хэрэглэж, уураг ихтэй хоолноос татгалзах учиртай. Хүнсний зүйлсээс мах, өндөг хоёр хамгийн их даралт ихэсгэдэг. Мөн давсныхаа хэрэглээг багасгаарай. Будаа, тарвас, нимбэг, сармис, ногоон цайг тогтмол хэрэглэснээр даралт ихдэхээс урьдчилан сэргийлж чадна. Тухайлбал сармис гэхэд цус цэвэршүүлж, шингэрүүлэх тустай байгалийн эм гэнэ шүү.
Guest
UKA 182.160.18.89 MONGOLIA
MONGOLIA
3 жил 9 сарын өмнө
2гч даралт ихдэлтийн талаар мэдээлэл өгөөч...
Guest
ideree 202.131.227.119 MONGOLIA
MONGOLIA
3 жил 9 сарын өмнө
энэ өвчний эсрэг хэрхэн арга хэмжээ авахыг хэлж өгөөч. гэрийн нөхцөлд.